| |

Д.Сумъяабазар: Хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байхад анхаарна

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Форумд гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 450 гаруй төлөөлөл оролцож, 14 Санамж бичиг, гурван гэрээ байгуулсан юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Өнөөдөр “Шинэ тойрог зам”, Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу UB метро зэрэг маш олон төсөл, хөтөлбөр танилцууллаа. Энэ бүхэнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагч нар ямар төсөл, хөтөлбөрийг илүү сонирхож байна вэ?

-Хөрөнгө оруулагч нар маш олон төсөл, хөтөлбөрийг сонирхож байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг төсвийн мөнгөөр шийдэх гээд чадаагүй. Бид хот руу чиглэсэн хөдөлгөөн, өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг механикаар зогсоож болохгүй. Нөгөө талаас утаа, түгжрэл гээд 1.6 сая иргэний эрх зөрчигдөж байна. Замын түгжрэлээс үүссэн эдийн засгийн хохирол, шууд болон шууд бус нөлөөгөөр алдаж байгаа эдийн засгийн алдагдал, алдагдсан боломжуудыг хотын иргэд амсаж буй. Энэ Засгийн газар Улаанбаатар хотыг түүхэнд байгаагүйгээр дэмжиж байгаа. Улаанбаатар хотын төсөвт төвлөрүүлэх орлого буюу 420 тэрбум төгрөгийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Үүнээс 100 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Мөн автобусны парк шинэчлэлд 68 тэрбум төгрөгийг зарцуулж, 340 гаруй автобус авлаа. Түүнчлэн газар чөлөөлөлтөд 75 тэрбум төгрөг тавьсан, ийм хэмжээний мөнгө төсөвлөж байсан удаа байхгүй. Ингэснээр Улаанбаатар хотын холбоос замуудыг холбох, гол замуудын ачааллыг бууруулах ажлуудыг хийж байна. Өнгөрсөн 2022 онд энэ бүх ажлаа эхлүүлсэн. Зайсан, Яармагийн гүүрний ажил үргэлжилж байгаа. Зайсангийн гүүрийг 2023 онд, Яармагийн гүүрийг холбоос замтай нь 2024 онд багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бол улс, нийслэлийн төсвөөр хийж байгаа ажил.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүх ажлыг хийхэд 141.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг урьдчилсан судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гаргасан. Хотод хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Өдөрт 470 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй 700 мянга орчим автомашин бий. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Нийслэлийн хүн ам жилд 40 мянгаар өсөж байгаа. Эдийн засаг талаасаа харвал, хүн ам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэтэл авто зам, дэд бүтцийн даац хэд дахин хэтэрчихээд байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах, Нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах эрхтэй болсон. Гэхдээ Нийслэлийг хөгжүүлэх сан зөвхөн төсөв дагасан биш, хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжсэн олон улсын сан байх ёстой.

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих төсөл бол “Эрдэнэс Баянбогд” бөгөөд тус хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Энэ ордоор дамжуулж тулгамдаж байгаа асуудал, том төслүүдээ явуулах концепцыг гаргаж ирсэн. Хотын “Шинэ тойрог зам”-ын төсөлд хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот мөн метротой болох ёстой. Хотын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийн тулд зайлшгүй шинжлэх ухааны тооцоо, судалгаан дээр үндэслэх хэрэгтэй. Улаанбаатар хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүтээн байгуулалт маш их хэрэгтэй байна. Дээрх олон асуудлыг шийдэхийн тулд байгалийн баялаг буюу хүрэн нүүрсний орд дээр суурилсан бодлогыг анх удаа гаргаж ирж байна. Үүн дээр хамтран ажиллах саналууд ирсэн. Гэхдээ энэ бол Засгийн газар, УИХ-аар шийдэх мега төсөл.

-Нийгмийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хэтэвч нь “Эрдэнэс Баянбогд” буюу хүрэн нүүрсний орд гэж ойлгож болох уу?

-Нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байгаа. 2023 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв 26.4 тэрбум төгрөг. Ковидын дараа эдийн засгийн байдал сэргэж байна, мөн цаашид нүүрсний хэрэглээ ч багасах байх. Тэгэхээр яг энэ үеийг ашиглаад хүрэн нүүрсээ заръя гэсэн санаачилга. Тэгэхээр энэ цаг, боломжоо ашиглаад санхүүгийн эх үүсвэрээ шийдчихвэл хотод тулгамдаад буй түгжрэл, утаа, дэд бүтэц, ногоон байгууламжийн асуудлуудаа шийдэх суурь бүрдэнэ. Ийм ч учраас БНХАУ-ын хотуудад ажиллаад, боломжуудын талаар судлаад ирлээ. Энэ бүхнийг гэвч би ганцаараа хийхгүй. Одоо хийж байгаа энэ ажил цаашид хийх бүтээн байгуулалт, хөгжлийн суурийг тавих, эрх зүй, санхүүгийн орчныг нь бүрдүүлэх зорилготой юм. Үүн дээр дараа дараагийн Хотын дарга том бүтээн байгуулалт, зоригтой шийдлийг санхүүд баригдалгүйгээр, хуулийн хананд тулалгүйгээр хийгээсэй гэж хүсэж байгаа хэрэг.

-Одоо төсвөөс үл хамаараад нийслэлд хийх ажлууд юу байна вэ?

-Өөрсдөөсөө мөнгө гаргаад, эсвэл санхүүгийн байгууллагаас зээл аваад нийслэлийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, компаниудад төлбөрийг нь өгөх, үргэлжлүүлэх бүтээн байгуулалтын ажил бий. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” компанитай хамтраад паркийг шинэчлэх, тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Ах, дүү хотын хамтын ажиллагааны хүрээнд дижитал хотын загварыг турших ажлыг БНХАУ-ын Тяньжин хоттой хамтраад хийхээр тохирлоо. Сингапур, Хятад, Монголын хамтарсан хүлэмжийн аж ахуйг байгуулах ажил ч байгаа. Эмээлтийн аж үйлдвэр, технологийн паркт малын гаралтай бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, мөн мал нядалгааны стандарт хангасан газар байгуулах ажлыг Дэлхийн банктай хамтраад 100 сая ам.доллароор хийх төсөл эхэлж байна. Мөн тус байгууллагатай хамтарсан хэд хэдэн том замын ажил эхэлнэ. Хот өөрийн потенциал, хамтын ажиллагаандаа тулгуурлаад хийх ажлууд нэлээд бий.  Гэхдээ том төслүүдийн тухайд бол яалт ч үгүй нүүрсний ордоо түшиглэхээс аргагүй.

-Төрийн хийж буй зарим ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах талаар та ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн хотуудад тулгамдаж буй асуудал нийтлэг. Тэгэхээр орлогоо нэмэх, зардлаа танах хүрээнд хот, нийтийн аж ахуйн ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлж буй жишээ олон байна. Улаанбаатар хотын хувьд ч ийм бодлого барьж байна. Үйлчилгээ, худалдаанаас эхлээд хот, нийтийн аж ахуйн ажлууд ч үүнд хамаарна. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбарт стандартыг хангах чиглэлээр хяналт сайн тавих ёстой. Одоо ийм цаг үед татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх арга бол зардлаа л сайн танах юм. Үүний тулд л хувийн хэвшилтэйгээ хамтрах, боломжит бүх түвшинд түншлээд явах зорилго тавьж байна.

-Хөрөнгө оруулалтын форумын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Хот өөрөө том айл. Мод тарих ч бай, барилга барих ч бай энэ бүхний цаана ажил явж байдаг. Тэгэхээр технологийн шийдлүүд нэвтэрнэ, шинэлэг санаа биеллээ олно гэдэг утгаараа бас эерэг нөлөөтэй. Засгийн газар ч хотын асуудлыг шийдэхэд бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол боломж, бас цаг үе нь мөн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг, бас хөрөнгийг нь хамгаалах, харилцан ашигтай байх зохицуулалтыг нийслэл хүчин чадлынхаа хэмжээнд хийнэ. Цар тахлын дараах энэ цаг үеийг ашиглан боломждоо тулгуурлаад хамтын ажиллагаагаа тэлэх, хөрөнгө оруулалт татах, тэр тусмаа өмнөх гашуун туршлагаасаа суралцаад, алдаагаа давтахгүй байх хөрс суурь бүрэлдэж байна. Тэгэхийн хувьд улс төр, засаглал тогтвортой, эдийн засаг, хууль, эрх зүйн орчин тодорхой байх л чухал.

-Аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар хот ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Аялал жуулчлал бол хотын чухал бүтээгдэхүүний нэг. Энэ бүтээгдэхүүнийг дагаад үйлчилгээний бусад салбарт ч үр өгөөж ирнэ. Гагцхүү бид ирж байгаа жуулчдадаа чанартай, сонирхлыг нь татах үйлчилгээ, үзвэр, хөтөлбөрийг санал болгох хэрэгтэй. Тэгэхээр бид түүх, соёл, ахуйн онцлогоо харуулахаас гадна сонин содон, анхаарлыг нь татах, гайхамшгаа харуулах үзвэр, хөтөлбөрийг олон болгомоор байгаа юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хөтөлбөрүүдийг Сүхбаатарын талбайдаа зохион байгуулахаар зорьж байна.

-Төсөв хүрэлцээгүйгээс хөрөнгө оруулалт татаж байна гэж та ярьсан. Гэхдээ үрэлгэн байна гэдэг шүүмжлэл ч бас бий.

-Үрэлгэн гэхээс хэрэгцээ, шаардлага юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал олон. Дээр нь хот жил ирэх тусам тэлж байна. Үүнийг дагаад өмнө байгаагүй асуудлууд ч гарч ирсээр л байгаа. Зам талбай, ногоон байгууламж, хамгийн энгийнээр нийтийн тээвэр, хашаа хайсны асуудлыг одоо л шийдэх ёстой болоод байна. Дээр нь нийслэлд ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдынхаа цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдэх ч хэрэгтэй. Цаашлаад хотын эдийн засгийг тэлэх, технологийн хөгжлөө нэвтрүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэх хэрэгтэй. Тэгэхээр одоогийн төсвөөр энэ бүхнийг хийх аргагүй юм.

-Өнөөдөр танилцуулсан төслүүд ер нь хэзээ бодит ажил болох вэ?

-Зөв суурийг нь тавих гэж л би ажиллаж байна. Би энэ бүх ажлыг хийж амжихгүй шүү дээ. Тийм учраас суурь үндсийг нь тавьж өгөөд дараагийн Засаг дарга хэрэгжүүлэх асуудал яригдана. Дараагийн Хотын дарга дээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийнэ. Би суурийг нь зөв тавьж өгнө. Хамтын ажиллагааг зөв хэрэгжүүлж, засаглалтай, ил тод байдалтай холбоотой асуудлууд, төрийн үйлчилгээтэй холбоотой ажлууд дээр бүх суурь нөхцөлийг хангаж өгөхөд бүх хүчээ дайчилна.

Ер нь хот иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах, амьдрах орчны чанарыг сайжруулахаар зорьж буй. Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой маш том хэмжээний хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг ойрын арван жилдээ шийднэ гэж бодож байна.

Нийслэлийн зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлууд, худалдаа үйлчилгээ эрхлэх, тэдний ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллана. Монгол Улсын эдийн засгийн 70 гаруй хувь, хүн амын тэн хагас нь хотод байгаа учраас хотын асуудал бол улсын асуудал юм. Үүн дээр УИХ, Засгийн газар ойлголтоо нэгтгэж ажиллах ёстой. Хотод зориулсан уян хатан бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Газрын багц хуулийг хурдан явуулж, эдийн засгийн харилцаанд ил тодоор оролцох бололцоог нь нээх ёстой юм. Би энд зориуд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хотын асуудалд онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгомоор байна.

Хот хүнд суртал, авлига, албан тушаалтны ширээнд доогуур асуудал шийддэг явдлыг арилгахаар зорьж ажиллаж байна. Бид одоогоор 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Энэ нь ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ төрийн ямар нэгэн дарамт, хүнд сурталгүйгээр ажиллах боломж нөхцөлийг л бүрдүүлэх зорилготой. Цахим шилжилтийг ч үүний хүрээнд хийж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зөвшөөрөл болон онлайн бизнесийн 134 үйлчилгээг нэвтрүүлж, төр хийх ёстой ажлаа хийж, бусдыг нь хувийн хэвшилдээ шилжүүлэхээр зорьж байна. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагаас очдог хяналт шалгалтыг эрс цөөлж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагааны хүрээнд ч хүнд суртлыг халж, “цэвэрлэгээ” хийнэ. Хот бол том айл. Нийт 48 мянган төрийн албан болон төрийн үйлчилгээний алба хаагчид хот, нийтийн аж ахуй, төрийн захиргааны үйл ажиллагааг явуулж буй. Нийт 123 харьяа байгууллага, агентлаг байгаа. Тэгэхээр энэ бүхэнд иргэдийг чирэгдүүлдэг, хүний нэр барьдаг, хүнд суртал гаргадаг зүйлс байж л байгаа. Үүн дээр Засгийн газрын “5Ш” ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, тагнуул, цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахаар эхлүүлээд байна. Энэ бүгд иргэдэд болон хөрөнгө оруулагчдад хүнд сурталгүй, чирэгдэлгүй, төрийн үйлчилгээг үзүүлэх л гэсэн зорилготой.

Ер нь өнгөрсөн хугацаанд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа маш сайн хамтран ажилласан. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *